Тарвагатай нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа

  • 2006 онд байгуулагдсан
  • 95117148, 80931236
  • tarvagatai@mpa.gov.mn
  • Завхан аймаг, Тосонцэнгэл сум Дархан -Уул баг

Ерөнхий танилцуулга

Завхан аймгийн Алдархаан, Идэр Тосонцэнгэл, Их-Уул, Архангай аймгийн Цахир сумдын нутгийг  хамарсан Тарвагатайн нурууны  544600 га газар нутгийг   УИХ-ын 2000 оны 04-р сарын 14-ны өдрийн  29-р тогтоолоор Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгааалалтад авсан.

Тарвагатай нурууны Байгалийн Цогцолборт газрын хамгаалалтын үйл ажиллагааг Отгонтэнгэрийн Дархан Цаазат газрын хамгаалалтын захиргаа хариуцан гүйцэтгэж байсан бөгөөд Байгаль Орчны Сайдын 2005 оны 68-р тушаалаар Тарвагатай нурууны Байгалийн Цогцолборт газрыг Отгонтэнгэрийн Дархан Цаазат Газрын хамгаалалтын захиргаанд харьяалуулж байжээ.

2006 оны 12-р сарын 14-ны өдөр Тосонцэнгэл суманд  ТНБЦГазрын биеэ даасан хамгаалалтын  захиргаа үүсгэн байгуулагдаж 12 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд даргаар Б.Гүррагчаа, 2009-2017 он хүртэл даргаар Д.Туяа, 2017 оноос хойш даргаар Б.Гүррагчаа ажиллаж байна. Тарвагатайн нуруу нь Хангайн нурууны төв хэсгийн байгалийн онцлогийг төлөөлсөн, байгалийн үзэсгэлэнт  унаган төрхөө хадгалан үлдсэн, Монгол орны хамгийн том гол Сэлэнгэ мөрөнд цутгадаг томоохон голуудын эх, ус хагалбар болох учраас Дэлхийн цэвэр усны нөөцөд томоохон ач холбогдол бүхий нутаг юм. Энэ бүс нутаг нь эмчилгээний чанартай  рашааны их нөөцтэй  Монгол орны халуун рашааны 3-р  мужид багтах бөгөөд Хожуул, Зарт, Цэцүүх зэрэг халуун рашаанууд, түүх соёлын дурсгалт болон байгалийн  үзэсгэлэнт газруудыг түшиглэн амралт сувилал, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Нийгмийн хуучин тогтолцооны үед энд ой модыг зохисгүй ашигласнаас гадаргын усны горим өөрчлөгдөж цэвдэг гэсэх, экологийн тэнцвэрт байдал алдагдах зэрэг сөрөг нөлөөллүүд ажиглагдаж байгаа тул улсын тусгай хамгаалалтад авах шаардлага гарсан байна.